Шихихутуг (1180-1262) 

Их Монгол Улсын их заргач (Ерөнхий шүүгч), төр, хууль цаазны сэцэн билэгт зүтгэлтэн юм. Тэр бээр 82 нас хүртлээ Монголын төр, цааз эрхэмжийг бэхжүүлэх үйлсэд чин журмыг баримтлан зүтгэж, Монголын эзэнт гүрэн даяар бишрэл хүндэтгэлийг хүлээх болжээ. Түүний гол зарчим бол “Айж, цочин хэрэг хүлээх хэрэггүй. Айлгүй үнэнээ хэл”. 
Шихихутуг хуулийг дээдлэн шударга, энэрэнгүй зарчим баримталж, шүүн таслах ажиллагаандаа өөрийн гэсэн арга маяг, дэг сургуулийг бий болгожээ. Энэ дэг сургуулиар Монголын эзэнт гүрэнд харъяалагддаг бүх орны шүүгч нар ажиллаж байв.
Монголын үндэсний төр ёс, хууль цаазыг тогтоон бэхжүүлэхэд суут богд Чингис, түүний эмхлэн байгуулсан их Монгол улсын Их заргач (Дээд шүүгч) Шихихутугийн гавъяа цаг үе улиран өнгөрөвч ач буян нь улам тодрох үнэт зүйл билээ. Бид 1991 онд Шихихутуг их сургуулийг  үүсгэн байгуулахдаа Их заргачийн нэрээр овоглон алдарыг нь мөнхжүүлэх нь монголын хууль цаазын эрдэм ухааны урсах хэлхээнд тасралтгүй үргэлжлэх алтан аргамжийг бөхлөх зорилго санааг агуулсан болно.

Шихихутуг их сургууль нь Боловсролын сайдын зөвлөлийн 1991 оны 10 дугаар сарын өдрийн 16-ны өдрийн 16 тоот шийдвэрээр байгуулагдсан Монгол Улсын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг. 1991 оноос эрх зүйн, 2002 оноос эрх зүйн магистр, 2004 оноос бизнесийн эрх зүйн сургалтын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна. Тус сургууль нь  2001 онд Дээд боловсролын байгууллагын анхан шатны, 2006 онд ахисан түвшний, 2011 онд Эрх зүйн сургалтын хөтөлбөр, 2014 онд Бизнесийн эрх зүйн сургалтын хөтөлбөрийг тус тус магадлан итгэмжлүүлсэн.